БНСУ-д “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ
Life StyleБНСУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгджээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдол, хүнд өвчтөнүүдийн тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа тул шинэ хувилбар нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйд олон нийт санаа зовниж байна.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийслэл Сөүл хотоос баруун зүгт оршдог Инчеон хотод амьдардаг гэрлэсэн хос болон найз нь “омикрон” хувилбараар халдварласан болохыг нарийвчилсан шинжилгээгээр тогтоосон байна.
Мөн хоёр өөр хүний шинжилгээний хариу эерэг гарснаар нийт батлагдсан тохиолдлын тоо тав болсныг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв хожим нь мэдээлжээ. Үүнээс гадна нэг сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулаад байгаа юм байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Инчеонд амьдардаг хосын өсвөр насны хүүгээс мөн шинжилгээ авсан бөгөөд хариу нь хараахан гараагүй байна.
Хосын хувьд вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-23-нд Нигерид зорчоод иржээ. Тэдний “COVID-19”-ийн шинжилгээний хариу өнгөрсөн пүрэв гарагт эерэг гарсан бол найз болон хүүгийнх нь хариу мягмар гарагт эерэг гарсан байна. “Омикрон”-оор халдварласан болох нь тогтоогдсон хос болон найзад нь одоогоор амьсгалын замын өвчний шинж, булчин өвдөх зэргээс өөр ноцтой шинж тэмдэг илрээгүй байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
“COVID-19”-ийн шинэ тохиолдол, хүнд өвчтөнүүдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа энэ үед халдварлах чадвар нь өндөр байж болзошгүй байгаа “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд ийнхүү илэрсэн нь олон нийтийг халдварын тархалт хяналтаас гарч болзошгүй хэмээн санаа зовниход хүргээд байна.
Засгийн газар шинэ хувилбартай тэмцэх, өргөн хүрээг хамран тархахаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх агентлаг хоорондын ажлын хэсгийг байгуулаад байгаа ба холбогдох арга хэмжээнүүдийг удахгүй танилцуулах төлөвтэй байна. Даваа гарагт Засгийн газар ирэх дөрвөн долоо хоногт нэмэлт тун тарих, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна.
БНСУ-ын эрх баригчид шинэ хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ням гаргаас эхлэн Өмнөд Африк тэргүүтэй Африкийн найман орноос ирэх иргэдэд виз олгох нөхцөлийг хязгаарлаж, тэдгээр орноос ирэх иргэдэд хатуу хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн юм.
Лхагва гарагт БНСУ-д “COVID-19” халдварын 5123 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн коронавирусээр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо хамгийн олон буюу 723-т хүрсэн байна.
Эх сурвалж: Yonhap