Хогонд хаягдаж байсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна гэж мэдэгдлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 08:59:21


“Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазад сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг лхагва гаргаас эхлэн 300 төгрөгөөр авна.


“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, “Манай компани өчигдөр 2725 тн шахмал түлш үйлдвэрлэсэн, 14 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн 7 хоногт угаарын хийн хордлогын 9 дуудлага ирсний 8 нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан байсан. Иймд зуух, яндангийн битүүмжээ сайжруулах хэрэгтэй. Бид айл өрхийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, угаараас урьдчилан сэргийллээ” хэмээв.


БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын ЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван толгой түлш” ХХК-иас Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр өгч байгаа.  Өнгөрсөн 7 хоногт хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багасжээ. Агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой гарсныг ЦУОШГ-аас мэдээлэв. Улаанбаатар хот руу түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан хоёр тохиолдлыг бүртгэн, 10 тн түүхий нүүрсийг Амгалан ДЦС-д буулгажзөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.


2020, 2021 онд 6300 шуудай сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрч байв. Иймд сайжруулсан түлшний үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байгааг албаны хүмүүс дуулгалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс 2, мидлингээс 1, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байдаг дундын агууламжаас 2 дээж авч, лабораторид шинжлүүлэхэд стандарт шаардлага хангаж байна гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ