“Оюутолгой” төслийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг уриалав
НийгэмУлаанбаатар хотын Худалдааны танхимаас Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалттай холбоотой уриалга гаргажээ. Уриалгад, Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг “Оюутолгойн уурхай”-н төслийн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компаниуд энэхүү төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэнд талархаж байна гэжээ.
Хөрөнгө оруулагчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт өндөр ач холбогдол өгч, Монголын талд хуримтлагдаад байсан өрийг тэглэж, Монголын талын үр ашгийг нэмэгдүүлж, дэлхийд томоохон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулахаар болсон нь Монгол Улсын эдийн засагт оруулж буй үнэлж баршгүй том хувь нэмэр юм гэж Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд үзэж байна. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцож төслийг үргэлжлүүлэхээр болсон нь Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, олон улсын санхүүгийн зах зээл дээрх талуудын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтойг дурдсан байна.
Иймд Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс тавьсан санал, санаачилгыг дэмжин Монгол Улсын Засгийн газар өөрийн хүлээсэн үүргээ шуурхай биелүүлж, төслийн цаашдын үйл ажиллагааг яаралтай үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг уриалж байна гэжээ. Хэлэлцээрийн үед хувийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнесийн харилцан ашигтай, ёс зүйтэй хамтын ажиллагаа, итгэлцэл, ил тод байдал, мэргэжлийн удирдлагын үнэ цэн ямар чухал байдгийг харж, суралцаж байдаг билээ. Хамтран ажиллаж хэлэлцээрийг үр дүнтэй хийсэн хоёр талын ажлын хэсгийн бүх гишүүнд дахин баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүссэн байна.