Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжив
Улс ТөрМАН-ын бүлэг өнөөдөр (2021.12.20) хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ.
Энэ талаар олонхийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар болсон. Энэ онд багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Цар тахлын хуульд олон чухал заалт бий. Ковидын тухай хууль төсөв, томилгоотой асуудал биш. Томилгоотой холбоотой асуудал бий. Энийг хуульд нийцүүл гэдэг чиглэл өгч байгаа. Судалгаа хийхэд Засгийн газрын түвшинд Төрийн нарийн гурван бичгийн дарга болон17 агентлагийн дарга, 71 яам агентлагийн хэлтэс, газрын дарга гээд 90 гаруй хүн түр томилгоотой байна лээ. Үүнийг бид Төрийн албаны тухай хуульд нийцүүлье гэдэг чиглэл өгч байгаа юм.
Цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн асуудал. Тиймээс улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учраас иргэд төлбөрөө өөрсдөө төлнө” гэлээ.
Уг асуудлаарх эцсийн шийдвэрийг УИХ гаргана.