Испанид “COVID-19”-ийн өвчлөл долоо хоногт 250 хувиар өсжээ
Life StyleИспанид пүрэв гарагт “COVID-19” халдварын 72912 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ингэснээр энэ үзүүлэлт сүүлийн гурван хоног дараалан шинэчлэгдэж байна.
Тодруулбал, Испанид энэ долоо хоногийн мягмар гарагт 49800 орчим, лхагва гарагт 60 мянган тохиолдол илэрсэн бөгөөд халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар давамгайлан тархах болсонтой холбоотойгоор өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн пүрэв гаргаас /29 мянга орчим тохиолдол илэрсэн/ хойш 250 хувиар өсөөд байна.
Ийнхүү халдварын үзүүлэлтүүд урьд үзэгдээгүйгээр нэмэгдэж байгаа нь жилийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй үед тооцогддог зул сарын баяртай давхцаад байгаа юм. Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гаргаас хотод болон олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүх журам гаргажээ.
Мөн халдварын энэ давлагааны үеэр Испанид авч хэрэгжүүлэх хамгийн хатуу арга хэмжээнүүд болох шөнийн цагаар хөл хорих, нэг дор цуглах хүмүүсийн тоог 10-аар хязгаарлах тухай Каталоны засаг захиргааны хүсэлтийг шүүх пүрэв гарагт хүлээн авчээ. Түүнчлэн Мурси, Кантабри мужид шөнийн цагаар аливаа үйл ажиллагааг хязгаарлана гэдгээ мэдэгдээд байна.
Хэдийгээр Испани улс нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ Европтоо тэргүүлж, 12-оос дээш насны хүн амынх нь 90 хувь нь бүрэн тунд, 40-өөс дээш насны хүн амын 45 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэх болоод байна. Тухайлбал, пүрэв гарагт халдварын улмаас 82 хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс 32-оор нэмэгджээ.
Үүний зэрэгцээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо аажмаар нэмэгдсэнээр одоогоор эрчимт эмчилгээний тасгуудын 16.27 хувь нь дүүрээд байна. Үүнийг халдварын өмнөх давлагаануудынхтай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч халдварын тохиолдол тухайн үеийнхээс хавьгүй олноор нэмэгдэх болоод байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, баярын амралтын үеэр нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.
Эх сурвалж: Anadolu