“E-MONGOLIA” ТӨРИЙН 606 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГТГЭЖ, 8 АЙМГИЙГ ЦАХИМЖУУЛЖЭЭ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-01-03 03:57:40

“E-Mongolia” төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон найман аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулжээ. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ юм.

Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем нь 2021 оны аравдугаар сарын 1-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулж, иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид иргэний болон жолооны үнэмлэхийг цахимжуулаад байгаа юм.

Монгол Улсын иргэн бүрт дунджаар 10-12 бичиг баримт байдгийг цахимжуулах ажлыг ирэх 2022 онд хийхээр төлөвлөж байна. Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтан үзэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар энэхүү зохицуулалтыг хийх юм.


“e-Mongolia” нь олон нийтэд танилцуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 2 сая орчим хэрэглэгчид давхардсан тоогоор 7,5 сая төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Үүний 56 хувь нь нийслэлчүүд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.

Мөн энэ хугацаанд төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах үйл ажиллагааны зардал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал гээд нийт 65.1 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн байна.



    Холбоотой мэдээ