Өрсөлдөх чадварын нэгдүгээрт Дорноговь, хамгийн сүүлд нь Булган аймаг эрэмбэлэгджээ
НийгэмЭдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулж байна.
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр гардаг нарийн тооцоолуур гэж болно. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг.
Аймгуудын өрсөлдөх
чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий
үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг
1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа. Орхон, Дархан-Уул, Өмнөговь,
Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь,
Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг
хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын
үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь
аймаг 1-рт эрэмбэлэгджээ.
Энэхүү үнэлгээнээс
харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн
үзүүлэлт гарчээ. Засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн дундаж
оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн байна.
Аймаг тус бүрээр нь
харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан байна. Үүнд Увс,
Завхан, Орхон аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын
ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахисан байна.
Энэ жилийн онцлох үр
дүнгээс дурдвал:
· Дорноговь
аймгийн засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, дэд
бүтэц бүлгийн оноо өссөн. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт
эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
· Орхон
аймаг ерөнхий үнэлгээгээр 2-рт (өнгөрсөн 9 жил 1-рт эрэмбэлэгдэж байсан)
эрэмбэлэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо
буурсан нь нөлөөлжээ;
· Дархан-Уул
аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий
үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын
үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн;
· Өмнөговь
аймаг ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй
ч бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо ихээхэн буурчээ;
· Нийт
21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан,
Орхон аймгууд юм. Увс аймгийн оноо 3.9-өөр, Завхан аймгийн оноо 1.3-аар, Орхон аймгийн
оноо 0.1-ээр буурсан;
· Өрсөлдөх
чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан
нь өнгөрөгч 1 жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай
аймаг 15-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
· 21
аймгаас Булган [21], Завхан [20], Дундговь [19], Говь-Алтай [18], Баянхонгор
[17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймгийн хувьд Бизнесийн үр ашиг
үзүүлэлт хамгийн муу байна.
Өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ хамгийн их өөрчлөгдсөн аймгууд |
Хэнтий, Сэлэнгэ аймгууд өрсөлдөх чадварын эрэмбээ хамгийн ихээр ахиулсан бол Дундговь, Өвөрхангай болон Увс аймгийн эрэмбэ хамгийн их буурав. Хэнтий аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг сайжирсан нь, Сэлэнгэ аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг сайжирсан нь нөлөөлөв. Дундговь аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн засаглал, менежментийн үзүүлэлтүүд, Увс аймгийн дэд бүтцийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын эрэмбэ буурахад түлхүү нөлөөлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаас авна уу?
Вебсайт: www.ecrc.mn, www.aimagindex.mn , www.nogoonhutuch.mn