Замын-Үүд төмөр замын боомтоор зэсийн баяжмалын экспорт сэргэв
НийгэмМонгол Улс Замын-Үүд төмөр замын боомтоор БНХАУ руу зэсийн баяжмал экспортлох боломж бүрдсэн талаар ГХЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны нэг дүгээр сарын 27-ноос эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай мэдэгдлийг энэ сарын 26-нд буюу өчигдөр гаргажээ.
Тиймээс тээвэрлэлт өнгөрсөн шөнө буюу 26-27-нд шилжих шөнө эхэлж, Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар хятадын талаас албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү цар тахлын улмаас түр саатаад байсан зэсийн баяжмалын экспорт сэргэв.