Монгол банкны тэргүүн дэд захирал Г. Дөлгөөнийг яллагдагчаар татжээ
Эдийн ЗасагХөгжлийн банкны асуудлаар хийгдэж байгаа Хяналтын ерөнхий сонсголын асуулт хариултын үеэр Улсын Ерөнхий Прокурор Б. Жаргалсайхан Монгол банкны тэргүүн дэд захирал Г. Дөлгөөнийг яллагдагчаар татагдаад байгаа гэж мэдээллээ. УИХ-ын гишүүн Т. Доржханд Хөгжлийн банкны асуудалд холбогдсон зарим хүмүүс сул чөлөөтэй яваад, зарим нь саатуулагдаж ялгавартай хандаж байна гэсэн шүүмжлэл хэлсний хариуд ийм мэдээлэл өгсөн юм. Ерөнхий прокурорын цааш тайлбарласнаар Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй юм байна.
Г. Дөлгөөн гэж хэн бэ?
Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагчаар банкны салбарт нийт найман жил ажилласан. Мөн Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Одоогоор Монголбанкны Тэргүүд Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Н. Ганбямбын хүү гэдгээрээ тодорхой хүрээнд танил болсон нэгэн билээ.