“ЭТТ Бонд”-ын захиалгын хугацааг сунгав
Нийгэм “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС-ын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус компани дээрх зорилгын хүрээнд өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гаргаж байгаа.
”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК", туслах андеррайтераар "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900 мянган ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4 хувь"-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 6 сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниар дамжуулан энэ оны 4 дүгээр сарын 25-29-нд хүлээн авсан.
Тэгвэл үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлт болон СЗХ-ны даргаас 4 дүгээр сарын 29-нд өгсөн зөвшөөрлийг үндэслэн "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах хугацааг 5 дугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл сунгажээ. "Эрдэнэс-тавантолгой бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцын мэдээллийг эндээс авна уу.