С.Амарсайхан: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг тооцох ёстой

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-22 05:28:47

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт үргэлжилж байна.


Тус чуулга уулзалт өнөөдөр “Оюутолгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн экспо”-гоор үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн 1000 гаруй ханган нийлүүлэгчдээс өнөөдрийн уулзалтад 100 гаруй аж ахуйн нэгж оролцож буй. Уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн төрөл, нөөц арвинтай, далайд гарцгүй манай орны хувьд Уул уурхайн салбар маань эдийн засгаа богино хугацаанд хөл дээр нь босгох, баялгийн сангаа бүрдүүлэх, цаашлаад шинжлэх ухаан, өндөр технологи, инновоцид суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үндэс, давуу тал нь байх ёстой юм. Үүний тулд эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй, эрдэс баялаг, уул уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгодог улс орнуудын хууль журам, бодлого шийдвэр, туршлага сургамжаас сайтар судлан, өөрийн орны онцлог талууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, өнөө ба ирээдүйд тулгарах эерэг, сөрөг үр дагавруудыг зайлшгүй тооцоолох учиртай. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцож, татвар, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн тухай хууль болон УИХ-аар хэлэлцэх бусад хууль тогтоомжуудтой нягт уялдуулах нь зүйтэйг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулж байна. Иймд төрийн зөв оновчтой бөгөөд тогтвортой бодлого, харилцан итгэлцэл дээр тогтсон гадаад харилцаа, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн асуудал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, энэ салбар дахь ажилтнуудын нийгмийн хамгаалал, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байрыг олноор бий болгох зэрэг бүх талын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна” гэсэн юм.


Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австрали Улсад албан айлчлал хийж, тус улсын Шадар сайд Р.Марлз, Гадаад хэргийн сайд П.Вонг, Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Эрдэс баялагийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Уркахарт болон Эрдэсийн зөвлөл, “Рио Тинто” зэрэг уул уурхайн томоохон  компаниудын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, дараа дараагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргахаар хэлэлцсэн талаар төгсгөлд нь дурьдлаа.

Холбоотой мэдээ