Монгол Улс Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-28 07:39:08

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 30-нд зохион байгуулна.

 

Энэхүү  чуулга уулзалтыг ЭМЯ, ХӨСҮТ,  ДЭМБ, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.  Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүрьеэгийн эсрэг олон олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол Улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфемба болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцож  дуу хоолой, санал санаачилгаа хүргэх юм.

 

Сүрьеэ өвчин дэлхий дахинд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. ДЭМБ-ын тайланд дурдсанаар, жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж улмаар дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байна.

 

Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлдэг байна. Монгол Улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан  Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ.


Монгол Улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85 хувь, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65 хувь санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна.

 

 

Чуулга уулзалтад аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцоно.

 

2018 оны 9 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан хэлэлцэж, “Сүрьеэтэй тэмцэх Улс төрийн тунхаглал”-ыг баталсан. Үүний дараагаар 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон ‘’Монгол Улсад сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарын тунхаг бичгийг тодорхойлон хэрэгжүүлж байна.

 Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар

  • 2018 онд зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганаас гарсан “Монгол Улсад Сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарын тунхгийн биелэлтийг дүгнэх;
  • 2023 онд зохион байгуулагдах НҮБ-ын Сүрьеэгийн өндөр хэмжээний уулзалтын урьтал болгон үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний хэрэгжилтийн байдлыг үнэлэх замаар цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлох;
  • Нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг даван туулахад салбар дундын оролцоог эрчимжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг уян хатан болгох, орон нутгийн төсөвт сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зардлыг тусгах;
  • Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд хүний эрхийг дээдэлсэн, иргэдэд ээлтэй, жишиг байдлаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Глобаль сангийн Монгол Улсад оруулсан хувь нэмэр, төслийн үр дүнгийн талаар шийдвэр гаргагч, олон нийтэд зөв мэдээллийг өгөх, хамтран ажиллах юм.
Холбоотой мэдээ