ТӨВ АЙМАГ: Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад орлоо
Эдийн ЗасагТөв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Баянцагаан сумын нутагт шинээр ашиглалтад орж байгаа Монгол Чех металл ХХК-ийн Жоншны баяжмалын үйлдвэрийн нээлтэд оролцлоо.
Төв аймаг Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх түшиц аймаг болох, нийлүүлэгч аймгийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгч аймаг болж, хөдөө орон нутагт ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлсэн “Нээлттэй аймаг” төслийг хэрэгжүүлж байгаа.
Аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 57,7 хувийг хөдөө аж ахуйн салбар, 18,3 хувийг аж үйлдвэрийн салбар, 24,0 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг бөгөөд, аж үлйдвэрийн салбар дотроо уул уурхайн салбар 5,7 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 11.5 хувийг эзэлж байна. Иймд зөвхөн хөдөө аж ахуйн салбар давамгайлсан эдийн засгийн бүтцээ сайжруулж ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жингээ нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 оны 9 сарын байдлаар 176.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 88.7 хувиар өсөөд байна. Боловсруулах салбарын үйлдвэрлэл /уул уурхайгүй дүн/ 107,3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 6,8 дахин өсөөд байна.
Баянцагаан суманд ашиглалтад орж байгаа энэхүү үйлдвэр нь аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх томоохон зорилт, бодлогод нийцсэн 200-гаад ажлын байр бий болгох орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх үйлдвэр болж байна.
Энэхүү баяжуулах үйлдвэр нь байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр олборлосон хүдэртэй хольж баяжуулан 97 хувиас дээш CaF2-ын өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэх аж. Мөн баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлж усны эргэлтийг түргэсгэснээр эргүүлэн ашиглах усны хэмжээг ихэсгэж, цэвэр усны хэрэглээг багасгах бөгөөд баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорилоо.
Үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.