“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-гашуунсухайт чиглэлд долоон сарын хугацаанд 4 сая тонн нүүрс тээвэрлэв
Эдийн Засаг
Монголчууд “гараа сайн бол бариа сайн” гэж бэлгэшээдэг. Улс орныхоо хурдтай хөгжлийн төлөө хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төслүүдийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Гашуунсухайт-Ганцмод” хил холболтын төмөр замын төсөл 21 жилийн гацаанаас гарч “Гашуунсухайт-ганцмод” хил холболтын төмөр замын ажил урагшилсан.
Нэхэн сануулбал, энэхүү төслийн талаар манай улс, урд хөрштэй 2003 оноос санал солилцож эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсоор ярьсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа, хэлэлцээ хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр зөвлөмж, Улсын Их Хурал тав, Засгийн газар 45 тогтоол гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж байсан түүхтэй.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болсон билээ.

Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, гурван сарын дараа буюу 05 дугаар сарын 14-нд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар үзэглэж байв.

Ийнхүү Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг өнгөрсөн 2025 оны 06-р сарын 24-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн.
“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд богино хугацаанд хамгийн өндөр хэмжээний нүүрс тээвэрлэв
Улмаар анхны галт тэрэг Тавантолгой өртөөнөөс хөдөлснөөс долоо сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж нийтдээ 4,000,000 тонн нүүрс тээвэрлээд байгаа нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд хамгийн богино хугацаанд хийсэн өндөр тээвэрлэлтийн үзүүлэлт юм.
2025 оны зургаадугаар сард
-нийт тээврийн үзүүлэлт- 27,416 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 27,416 тонн
2025 оны долоодугаар сард
-нийт тээврийн үзүүлэлт- 256,105 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 228,689 тонн
2025 оны наймдугаар сард
-нийт тээврийн үзүүлэлт- 952,071 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 696,965 тонн
2025 оны есдүгээр сард
-нийт тээврийн үзүүлэлт- 1,625,579 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 673,508 тонн
2025 оны аравдугаар сард
-нийт тээврийн үзүүлэлт- 2,124,914 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 499,334 тонн
2025 оны арваннэгдүгээр сард
-нийт тээврийн үзүүлэлт- 2,879,121тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 754,207 тонн
2025 оны арванхоёрдугаар сард
-нийт тээврийн үзүүлэлт- 3,619,922 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 740,800 тонн
2026 оны нэгдүгээр сард
-нийт тээврийн үзүүлэлт- 4,000,000 тонн
-сар тутмын тээврийн үзүүлэлт 315,206 тонн
