ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН 2026 ОНЫ АЧААНЫ ХЭМЖЭЭ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийгэм
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД)-ын Ачаа тээврийн комиссын гишүүн орнуудын 2026 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн ОХУ-ын Сочи хотноо албан ёсоор эхэллээ.
Тус зөвлөгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлж Ерөнхий инженер Б.Даваасүрэн, Тээврийн удирдлагын газрын дарга Г.Шижирбаатар нар оролцож байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү зөвлөгөөнөөр тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны (экспорт, импорт, дамжин өнгөрөх) хэмжээг гишүүн орнууд харилцан тохиролцохын зэрэгцээ тээвэрлэлтийг үр ашигтай зохион байгуулах арга хэмжээг хэлэлцэж, тодорхойлдог.

Уг зөвлөгөөнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, БНАСАУ, Азербайжан, Узбекистан зэрэг 11 улсын төмөр замын байгууллагын төлөөлөгчид, мөн ажиглагч БНСУ-ын төлөөлөл, гадаад худалдаа болон тээвэр зуучийн компаниудын төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү арга хэмжээ гишүүн орнуудын гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээврийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд төдийгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулдаг.
Тус зөвлөгөөн 2026 оны гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

