Монгол улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгуулжээ
Улс ТөрУлсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпийн наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсан байна.
Монгол Улс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгох, спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих, олимпийн наадмын спортын төрлүүдийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, спортын сургалт-дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөөлөх, олимп, тив дэлхийд өрсөлдөх чадварлаг тамирчдыг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзэж, санал нэгдсэн байна. Энэхүү зорилтын хүрээнд лобби бүлэг байгуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн 2022 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн олимпийн 24 дэх наадам, 2024 онд Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах Зуны олимпийн 33 дахь наадам, Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдыг бэлтгэх, амжилтын чанарыг ахиулах, дэмжих чиглэлд холбогдох шийдвэрийг санаачлан батлуулахын төлөө дээрх лобби бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.