Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-31 10:11:14


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбарын албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.


Тодруулбал, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 100 сая төгрөгийн хахууль авсан гэх гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх албан тушаалтнууд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжсэн цахилгаан түгээх сүлжээ шинэчлэх ажлыг дутуу хийгдсэн байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах комиссын дүгнэлт гаргуулах, ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэйгээр шийдвэр гаргасан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн “РИ” компанийн захирал Г-ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд:

  • хадам дүүгээр дамжуулан 50 сая төгрөг,
  • танил дүүгийн дансаар 45 сая төгрөг,
  • жолоочийн дансаар 5 сая төгрөг,

нийт 100 сая төгрөгийг дөрвөн удаагийн үйлдлээр хахуульд авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх гурван эрүүгийн хэрэгт холбогдох 100 сая төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүлсэн байна.

Холбоотой мэдээ