Цэцэрлэгт хүүхдүүд амны хаалт зүүхгүй байх зохицуулалтыг хийжээ
НийгэмБоловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.12/ цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.МЯГМАР:
-Долдугаар сарын 20-ноос хойш бэлтгэл ажлыг хангасан. Цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тусгай журам, зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлэх зохицуулалт хийнэ. Цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн хамруулах бол дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулна. Харин 2-3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна. Нийслэлийн хэмжээнд байгаа таван настай 77185 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Тухайн цэцэрлэгт халдвар гарлаа гэж үзэхэд зайн сургалт руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, нэг ангид хамгийн ихдээ 25 хүүхэд явна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг гурван сараар нь бэлтгүүлэхээр хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг гаргасан.
Эрүүл мэндийн яамтай хамтраад Covid-19 халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргасан. Тухайлбал, нэг ангид халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Цэцэрлэгийн үүдэндээ амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Мэдээж гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. Тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд халдвар авахгүй байж чадвал таны хүүхдийн анги тасралтгүй танхимаар хичээллэнэ гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал.
Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүй. Гэртээ шүдийг нь угаалгана.