Монгол, Британийн дугуй ширээний 16 дугаар уулзалт Улаанбаатар хотноо болов

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-26 07:48:58


Монгол, Британийн дугуй ширээний 16 дугаар уулзалт 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Британийн талаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Сийма Малхотра нар тэргүүлж, холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Британийн харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг онцолж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг дэвшүүллээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглах, соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэхийн ач холбогдлыг талууд онцолсон байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд буй асуудлуудаар санал солилцож, Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, бүс нутаг болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд