Сүхбаатар аймаг: ЭЕШ-д амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулав
НийгэмЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн шагналаар урамшуулав. Энэ жил тус аймгийн хэмжээнд дөрвөн сурагч 800 оноо авсан бөгөөд тэдний хоёр нь Баяндэлгэр сумын ЕБС-ийн төгсөгчид байна. Сурагчдыг тус бүр 500 мянга, тэднийг бэлтгэсэн багш нарыг тус бүр 200 мянган төгрөгөөр урамшуулав.
Баяндэлгэр сумын ЕБС нь энэ жил ЭЕШ-ын дундаж оноогоор аймагтаа тэргүүлжээ. Математик, Англи хэл, Нийгмийн ухааны хичээлээр бүх төгсөгчид жигд сайн шалгуулсан байна. Ер нь тус сургуулийн хамт олон 12 жилийн сургалттай болсноосоо хойш ЭЕШ тогтмол амжилттай оролцсоор ирсэн байдаг. Тэдний энэхүү амжилтыг үнэлэг УИХ-ын гишүүн Н.Ганибал тусгайлан баяр хүргэн шагнасан юм.
Мөн ЭЕШ-аа амжилттай төгссөн зургаан сурагчийн сургалтын төлбөрийг Эрдэнийн босго, Монгол жуаньли компаниуд хамтран суралцах хугацаанд нь бүрэн хариуцах болсноо мэдэгдэж, сурагчдад батламжийг нь гардуулсан юм. Тус сурагчид нь АШУИС болон МУИС-д суралцах бөгөөд төгсөөд орон нутагтаа ирж ажиллахыг зорьж буй аж.