Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2021-09-30 05:24:09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,  ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.

Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: “Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай”.

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: “Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэний мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй”.

ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам:  “Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй”.

“Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: “Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй”.

“Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав: Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой”.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: “Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүн, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй”.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг“Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий”.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга:  “Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрслэгээ бэлэн байна”

Холбоотой мэдээ