Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхий сайд А.У.Маминд бараалхав
Улс ТөрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Казахстаны Ерөнхий сайд А.У.Маминд бараалхав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын мэндчилгээг уламжлав. Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Казахстан Улс дахь анхны айлчлалыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, ирэх он жилүүдэд хоёр орны харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх асуудлаар Казахстаны Гадаад хэргийн яам болон Худалдаа, интеграцчлалын яамны удирдлагуудтай хийсэн ярианы хэлэлцээ, уулзалтын дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд ирэх он жилүүдэд олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохирсныг Ерөнхий сайд А.У.Мамин сайшаан тэмдэглээд “2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Казахстан Улсад хийсэн айлчлал Монгол, Казахстаны харилцааны шинэ үеийн эхлэлийг тавьсан” гээд цар тахлын нөхцөл байдал намжиж байгаа тул ирэх оноос ярьж тохирсон ажлуудаа бодитоор эхлүүлнэ гэдгээ нотлов.
Сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин хамтын ажиллагааны боломжоос доогуур байгааг тэмдэглээд ирэх оны эхний улиралд Монгол, Казахстаны ЗГХК-ийг хуралдуулах, мөн үеэр бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий Ажил хэргийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. А.У.Мамин Казахстан Улсын бүс нутгийн улс орнуудтай өрнүүлж буй худалдаа бүхэлдээ өсөлттэй байгааг тэмдэглэж, манай хоёр улсын хооронд эхний ээлжинд худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх боломж харагдаж байгааг тэмдэглэв. Уул уурхай, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэх чиглэлд ЗГХК, холбогдох яам, байгууллагууд үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэйг мөн дурдав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчинг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр ач холбогдол өгч, энэ хүрээнд 1 тэрбум мод тарих зорилт тавин ажиллаж байгааг сайд Б.Батцэцэг танилцуулаад энэ чиглэлд идэвхтэй ажиллаж буй казахстаны туршлагыг сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрээр мөн ирэх 2022 онд манай хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Ерөнхий сайд А.У.Мамин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ