Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас чөлөөлөв
Улс ТөрУИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, тус Бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх шийдвэр гаргасан тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэв.
Хуралдаанд Бүлгийн гишүүдийн 63 хувь нь оролцсон бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалд Бүлгийн даргын ажлыг түр хариуцуулахаар гишүүдийн олонх санал нэгджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал хэлэхдээ, "Бүлгийн албан ёсны 11 гишүүний 7 нь, мөн дээрээс нь С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын гишүүн хуралдаанд оролцсон"-ыг мэдээллийн үеэр тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын тухай хуульд, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдаан, дэд хорооны хурал, УИХ дахь намуудын бүлгийн хурлыг тусгасан байдаг. Тиймээс энэ удаагийн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан нь хуулиар олгогдсон, албан ёсных гэдгийг тодотгов. Тэрбээр, "АН-ын бүлгийн дарга Д.Ганбат долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийж, бүлгийн гишүүдийг хөөсөн тухай зарлаж байсан. УИХ-ын гишүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, УИХ-ын даргад өргөдөл гаргаж бүлгээс гарах, орох асуудлаа шийдвэрлэдэг. Түүнээс биш хэн нэгэн хөөж шийдвэрлэх эрх зүйн боломжгүй" гэдгийг тайлбарлав.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Гишүүдээ хагалан бутаргаж, хөөж туудаг коммунист арга барилтай, ардчилсан шошготой хүмүүс энэ үйлдлээ таслан зогсоох ёстой. Сүүлийн үед гишүүдийг хөөж байгаа хүмүүс намын дүрэм, эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй юм. Энэ асуудалд бид хүлээцтэй хандаж байсан. Бүлгээс хөөсөн гэж зарлаад байсан Ж.Батсуурь гишүүн нь Сүхбаатар аймагт найман удаагийн сонгуулийн долоод нь АН-аас ялалт байгуулж, зургаан удаа ИТХ-д ажиллаж байсан. УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагт дөрвөн удаа АН-аас ИТХ-д сонгогдож байсан ардчиллын туг, манлай болж яваа хүмүүсийн төлөөлөл юм. Энэ үйл явдлын цаана 11 дүгээр сарын 5-нд болох намын эв нэгдлийн хурлыг хагалан бутаргах гэсэн ашиг сонирхол байгаа. Үүнд УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга Д.Ганбат гар хөл болж ажиллаж байгаад харамсаж байна" хэмээв.