ХУСТАЙН НУРУУНЫ ТАХИЙН МӨРӨӨР...
НийгэмХээр нутгийн салхинд эрх чөлөөтэй давхих хонгор шаргал, бор хулдуу зүстэй, босоо дэлтэй энэ амьтныг тахь гэнэ. Тэд бол хэзээ ч хүнд гаршиж байгаагүй дэлхий дээрх цор ганц онгон зэрлэг адуу юм.
Хэдийгээр, 1969 онд байгаль дээрээс бүрмөсөн устсан зүйлийн ангилалд багтаж байсан ч Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг, Хустайн байгалийн цогцолбор газрын 29 жилийн ажлын үр дүнд тахь байгальд сэргэн нутагшиж, өдгөө Монгол Улсад 800 гаруй бодгаль болж өсөөд байна. Манай сурвалжлах баг тахийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Хустайн байгалийн цогцолбор газарт зочилсон юм.
Дэлхий дээр тахийн холын хамаатан болох долоон зүйл бий. Тэдгээрийн гурван зүйл нь хар, цагаан судалтай зебра бөгөөд Африк тивд амьдардаг. Мөн гурван зүйлийг нь хулан гэх агаад Африк, Азийн цөлөөр амьдардаг. Үүнээс цорын ганцхан зүйл зэрлэг адуу нь тахь юм. Адууны адилаар эрийг нь азарга, эмийг нь гүү, үр төлийг нь унага гэж нэрийддэг бөгөөд дунджаар 15-25 насалдаг байна.
-БАЙГАЛЬД УСТСАН НЬ-
Шолой сэцэн хааны 1630 оны тэмдэглэлд, “Алс холын Франц улсын Ласко агуйн ханан дээр Монголын хээр талд идээшлэн нутаглах зэрлэг адууг зурсан байна” хэмээн дурдсан байдаг аж. Энэ нь Монголд зэрлэг адуу байсан гэх хамгийн эртний түүхэн эх сурвалж юм.
Монгол оронд зэрлэг адуу байгааг шинжлэх ухаанд анх таниулсан хүн бол польш гаралтай Оросын армийн хошууч генерал Николай Михайлович Пржевальский юм. Тэрээр 1878 онд монгол орноор аялах үедээ Орос-Хятадын хилийн харуулын захирагчаас Монголын Зүүнгарын говиос агнасан адууны арьс, гавлын ясыг бэлгэнд авч, зэрлэг адууны тухай яриаг анх сонссон байна. Түүнээс хойш Монголд зэрлэг адуу байдаг тухай сонирхох болж гавлын ясыг нь Петербургийн байгалийн түүхийн музейн судлаач И.С.Поляковт өгчээ. Судлаач гавлын ясыг нь адууны овгийн 22 зүйлтэй харьцуулан судлаад цоо шинэ зүйл болохыг нь тогтоож, Пржевальскийн нэрээр 1881 онд шинжлэх ухаанд бүртгэсэн байна.
Шинжлэх ухаанд танигдсанаас хойш дэлхий дээр үлдсэн цор ганц, сүүлчийн зэрлэг адууны зүйл болох Пржевальскийн тахийг олон орны эрдэмтэн, судлаач болоод амьтны хүрээлэнгүүд авахыг эрмэлзэж, Монголын говь руу хошуурах болжээ. Цорын ганц гэсний учир нь, Европт байсан Тарпан гэх зүйлийн зэрлэг адуу устсанаас хойш байгальд нэг ч зэрлэг адуу байхгүй гэдэгт дэлхий нийтээрээ бүрэн итгэлтэй байв. Ингээд 1897-1903 он хүртэл Монголын говиос 88 тахийн унага барьж гадаад руу тээвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 53 нь эсэн мэнд Европт хүрсэн байна. Монголд үлдсэн цөөхөн популяц нь ан агнуур, ган зуднаас гадна гэрийн малд бэлчээрээ булаалгаснаар үрэгдэж, тоо толгой нь цөөрсөөр 1969 онд байгальд огт үгүй болжээ. Амьтны хүрээлэнгүүдэд 54 унаганаас 13 нь үржиж, үр удмаа үлдээсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр байгаа нийт 2000 тахь тэдгээр 13 унаганы удам ажээ. Тиймээс тахийн генд цус ойртож, нас нь богиноссон гэж үзэх нь ч бий.
-ТЭД НУТАГТАА ИРЭВ-
Зөвхөн амьтны хүрээлэнд цөөн тоогоор, хүмүүсийн нүд хужирлах зориулалттай болсон тахь нь байгальд бүрмөсөн устсан тул сэргээн нутагшуулах нь түүнийг аврах цорын ганц арга гэдэгт дэлхийн эрдэмтэд санал нэгджээ. Тиймээс Тахь судлалын олон улсын III симпозиумаас гарсан шийдвэрийн дагуу гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид хамтарсан судалгаа хийж, бэлтгэл хангаснаар, Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг хамтран Төв аймгийн Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг 1992 онд эхлүүлжээ.
Түүнээс хойш найман жилийн хугацаанд буюу 2000 он хүртэл нийт таван удаагийн онгоц тээврээр амьтны хүрээлэнгүүдээс хамгийн цэвэр цусны шилмэл 84 тахийг Монголд авчирчээ. Зэрлэг байгалиас холдоод бараг зууныг өнгөрөөсөн тахь Монголын эрс тэс уур амьсгалыг давж гарах нь олон эрдэмтний хувьд эргэлзээтэй асуудал байв. Гэвч тэр айдас удалгүй ард хоцорч, нутгийнх нь салхи, хөрс шороо, өвс ургамал нь тэдэнд гайхалтай зохицож, яахын аргагүй Монголын унаган амьтан гэдгийг батлан харуулсан юм. Байгаль дээр устаж, үгүй болоод олон жилийг улираасан тахь ийнхүү эх нутагтаа эргэн идээшиж эхэлсэн түүхтэй.
-ҮЛ БҮДГЭРЭХ ЭРХМҮҮД-
Энэ ажлыг биечлэн зохион байгуулж гол үүрэг гүйцэтгэсэн Голландын тахь хамгаалах санг үүсгэн байгуулагч Ян Боуманыг дурсахгүй өнгөрч болохгүй. Тэрээр Монголд тахь нутагшуулах, байгаль хамгаалах, экологийн өргөн хүрээний судалгааг 1974 оноос хойш иж бүрнээр нь хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, түүний эл үйлсийг үнэлж төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасан юм.
Өдгөө бидний дунд байхгүй ч үйл хэргийг нь амьд мэт дурсан санах хүмүүн гэж бий. Түүнийг нас барснаас хойш одоо ч түүний эхнэр Инге Боуман нь үйл хэргийг нь үргэлжлүүлж Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааг материаллаг бааз, удирдлага зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлд хүчин зүтгэсээр байгаа юм. Түүнд мөн 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одон хүртээжээ.
“Голландын тахь хамгаалах сан 1974 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед дэлхий дээр нийт 275 тахь байжээ. Тус сан тахийг хамгаалах суртал ухуулгыг анх явуулж олон нийтийн анхаарлыг татаж чадсанаар сэргээн нутагшуулах ажлын эхлэлийг тавьж чадсан юм” хэмээн Инге Боуман телевизийн нэгэн нэвтрүүлэгт онцолжээ.
Ян Боуман эхнэрийн хамтаар 1972 онд амьтны хүрээлэн үзэж явахдаа адууны өвгийн өрөвдөлтэй, сэтгэл шимшрэм төрхийг анх харжээ. Зүс нь гундсан хөөрхий амьтныг тэнд харснаас хойш хосууд байгальд нь сэргээн нутагшуулахад амьдралаа зориулахаар зориг шулуудсан гэдэг. Тэд Монголын ховор амьтдыг хамгаалах үйлсэд бодитой ажил хийсэн туршлагатай, Монголын байгаль хамгаалах холбооны дэд ерөнхийлөгч Ж.Цэрэндэлэгтэй учирснаар энэ ажлыг даруй эхлүүлж байсан түүхтэй аж.
-ТАХИЙН ХАМГААЛАЛ-
Монгол Улсын газар нутгийн 20 хувьтай тэнцэх 122 тусгай хамгаалалттай газар байдаг. Тэдгээрийн үйл ажиллагааг эмхэлж, цэгцэлж явуулж буй 33 хамгаалалтын захиргаа байгаагийн нэг нь Хустайн байгалийн цогцолбор газрын Хамгаалалтын захиргаа юм. Улаанбаатар хотоос ердөө 80 гаруй километрийн зайд буюу төвийн бүсэд орших тус хамгаалалтын захиргаа нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулж, байгалийн популяцийг бий болгох зорилготой ажилладаг.
Хустайн байгалийн цогцолбор газрын 50 мянган га талбайд 1992 оноос хойш нэг ч айл суурьшаагүй. Энэ газарт тахийг анх нутагшуулахдаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор айлуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Өвөлдөө цаг хүндрэх үед тус газрын байгаль хамгаалагчид тахид хужир, өвс тавьж өгөх зэргээр арга хэмжээ авдаг байна. Байгаль хамгаалагчдын хамгийн тулгамдсан асуудал бол гэрийн мал. Учир нь хамгаалалтын бүсийн эргэн тойронд байгаа 100 мянга гаруй мал тахийн бэлчээртэй давхцдаг байна. Тиймээс байгаль хамгаалагчид гэрийн малыг өдөр бүр хөөж хамгаалалтын газраас гаргах ажилтай нүүр тулдаг.
Хустайн байгалийн цогцолбор газарт үндсэн 40 хүн ажилладаг бөгөөд зуны улиралд гэрээт ажилчид нэмж ажиллуулдаг. Өнгөрсөн онд тус цогцолбор газрын хамгаалалтын захиргаа KFW олон улсын төслийн хүрээнд залуу боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг шийдэж, 16 айлын орон сууц барьсан байна.
Хустайн нуруунд 12 байгаль хамгаалагч, гурван биологич хамгааллын 50 мянган га талбайг хуваан авч байнгын хээрийн судалгаа явуулдаг. Ингэхдээ, байгальд сэргэн нутагшиж байгаа тахийн талаарх мэдээллийг өдөр бүр шинэчилж, мэдээллийн сангаа баяжуулдаг байна. Тэр ч бүү хэл, тахийг хаана идээшиж, шилжиж байгаа хөдөлгөөн бүрийг сансрын дохио дамжуулагчаар ажигладаг гэдгийг Хустайн цогцолбор газрын биологич Ц.Батзаяа танилцууллаа.
-ЗЭРЭГЛЭЛ ХОЁРООР БУУРАВ-
Тахь нь 300 орчим кг жинтэй, өвсөн тэжээлт амьтан учраас өөрийн гэсэн газар нутаг хэрэгтэй. УИХ-ын 1993 оны тогтоолоор, тахь нутагшуулж буй Хустайн нурууны 50 мянган га газрыг “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авсан юм. Харин 1998 оноос “Байгалийн цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэлийг ахиулжээ. “Дэлхийн хэмжээнд дөрвөн улсад тахийг сэргээн нутагшуулж байгаагаас хамгийн олноор өсөж үржсэн нь Монгол. Манай улсад 2000 онд тахийг авчрах сүүлийн тээвэр хийгдсэнээс хойш тоо толгой нь үржиж 800 орчим тоо толгой болтлоо өсөөд байгаа юм” хэмээн Хустайн байгалийн цогцолбор газрын судлаач Д.Өсөхжаргал тэмдэглэж байлаа.
Тодруулбал, Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулж байгаагаас 390 гаруй нь Хустайн нуруунд байна. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд 290 орчим, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 90 гаруй тахь нутагшиж байгаа аж. Хустайн байгалийн цогцолбор газарт 46 үржлийн сүрэг, 100 гаруй үрээтэй, 400 орчим тахь байдаг бөгөөд дэлхийн хамгийн олон бодгалийг сэргээн нутагшуулсан газар юм.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны Зүйлийг авран хамгаалах комиссын Адууны асуудал эрхэлсэн группээс тахийг сэргээн нутагшуулсан байгалийн популяц зөвхөн Монголд үүссэн гэж үздэг. Учир нь 1992-2000 онд авчирсан 84 тахь өсөж үржихийн зэрэгцээ ямар ч хашаагүй, байгалийн бэлчээрээр онд орж байгаа юм.
Дэлхийн хэмжээнд 1969-1996 он хүртэл "байгальд устсан" гэсэн ангилалд байсан тахь 2008 онд "устаж болзошгүй", 2011 онд "устаж байгаа" гэсэн ангилалд багтах болсон байна. Өөрөөр хэлбэл, сэргээн нутагшуулж, хамгаалах ажлыг өрнүүлснээр, тахийн ховордлын зэргийг хоёроор бууруулахад Монгол Улс үнэтэй хувь нэмрээ оруулсан тухай судлаач Д.Өсөхжаргал онцолж байв.
Экологи, байгаль хамгааллын олон улсын жишгээр, байгаль дээр устсан популяц 500 ба түүнээс дээш болсон тохиолдолд амжилттай сэргэн нутагшсан гэж үздэг байна. Тэгвэл Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа 2025-2030 оны зорилгоо тахийн популяцийн тоо толгойг 500-д хүргэхээр тодорхойлжээ.
Одоо тус байгалийн цогцолбор газарт Тахь судлалын олон улсын төв ажилладаг бөгөөд дэлхийн олон эрдэмтдийн судалгааны гол бааз болоод байгаа юм.
-БОЛОРООГИЙН ТҮҮХ-
Бид байгаль дээр нутагшиж байгаа тахийг үзэхээр хамгаалах талбайгаар аялсан юм. Ингэхдээ, тахийн ус уухаар уулнаас буудаг цагаар буюу нар жаргахын алдад гарлаа. Энэ жил бороо хур элбэг жил байсан тул өвс, ногоо өтгөн ургажээ. Хамгаалах талбайгаар явж байхад автомашины дуут дохио ажиллуулахыг хориглосон тэмдэглэгээ олонтаа тааралдана. Учир нь, байгалийн зэрлэг амьтан хүний хөлөөс дааждаг тул чанга чимээ гаргах нь зохисгүй. Их чимээ гаргахгүй л бол тахийг дэргэдээс нь хялбар үзэх боломжтой юм билээ. Нүргэлсэн их чимээтэй, тоос манарган давхилдах тахийн сүрэг өөдөөс чиглэн худагт ойртон ирэх үед нь бид хэдэн зураг дарж амжив. Цааш явахдаа ганцаар яваа нэгэн доголон азарга тахьтай тааралдлаа. Түүнийг Болороо гэж нэрийддэг юм байна.
Энд байгаа тахийг аялагч, жуулчид нэрлэх боломжтой. Энэ нь байгаль хамгааллын нэгэн өвөрмөц менежмент бөгөөд өөрийн үрчилсэн тахийг хаана байгааг байршил тогтоогчоор харах боломжтойг биологич Ц.Батзаяа тайлбарлав.
Болороогийн тухайд, 7-8 жилийн турш хураасан 13 тахьтай сүргээ ноднин өөр азарганд алдаад ганцаар хоцорчээ. Одоо хөгширсөн тул дахин сүрэг хураах боломжгүй бөгөөд азарганы хувьд энэ нь амьдрал дууссанаас өөрцгүй зүйл аж. Энд 46 азарга үржлийн сүрэг хураасан бөгөөд сүрэггүй 90 гаруй тахь байдаг. Үржлийн сүрэг гэдэг нь цэгц нэг азаргатай, хэд хэдэн гүү, өсвөр тахь, унаганаас бүрдсэн харьцангуй тогтворт бүтэцтэй, 2-20 хүртэл тоотой байна.
Үржлийн сүргийн азарганд хамгийн аюултай нь нас гүйцсэн 7-8 насны ганцаар явах азарга юм. Учир нь гэрийн адуунд өнгө зүс, удам угшлыг нь харгалзан нэг л азарга тавьж бусдыг нь агтлан өрсөлдөгчгүйгээр гаргаж ирдэг бол тахинд гарсан эр төл бүхэн азаргашиж, үржлийн азарга болохын төлөөх тулаанд ордог. Энэхүү тулааны улмаас жил бүр 2-3 азарга бэртэж, гэмтэн үрэгддэг байна.
Энэ л байгалийн хатуу ширүүн шалгаралд хүчтэй нь мэнд үлдэж үр төлөө үлдээж, хүчгүй нь үрэгдэн үр удам нь тасарч популяц улам бүр эрүүлжсээр байдаг.
Зан төрхийн хувьд, тахийг ихээхэн хуучинсаг амьтан гэж үздэг. Учир нь үржлийн сүргийн төлөөх тулаанд дийлэн сүрэг авсан шинэ азарга нь уг гүүнүүдийг өөрийнх гэж үздэг бол дийлдэгдсэн хуучин азарга ч гэсэн өөрийнх гэж үзсээр л байдаг.
Тийм ч учраас хуучин азарга сүргээ буцааж авахыг оролддог. Шинэ азарга тавиад туучихгүй гэж зүтгэдэг. Энэ тулаан 2-3 жил үргэлжлэн давтагддаг байна. Тахь нь хөлдөө маш их хүчтэй агаад бусад амьтан руу тийрдэг аж.
Нас бие гүйцэж үржилд орох болсон азарга ижил нэгтнээ олохдоо бусадтайгаа хүч үзэхийн сацуу өөрт таалагдсан гүүг сүргээс нь хулгайлдаг. Тахь нь ороо нийлэгт 5-7 сард орох бөгөөд хээлтсэн гүү аль болох сүргээсээ холдон ганцаараа унагалдаг. Энэ нь унагаа хамгаалж байгаагийн илрэл юм. Түүнчлэн азарга өөрийн үр төлөө үнэрээр нь ялгаж таньдаг байна.
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ХАМГААЛАЛТ-
Байгаль хамгаалах нь буянтай, сайн үйл хэдий ч санхүүгийн хэрэгцээ шаардлага бий. Байгаль хамгааллын ажлыг үр дүнтэй явуулахын тулд санхүүгийн тогтвортой байдал хамгийн чухал. Тиймээс Хустайн байгалийн цогцолборт газар нь байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, түүнээс олсон орлогоо хамгаалах ажилд зарцуулж байгааг судлаач Д.Өсөхжаргал онцолж байлаа. Тэрбээр, “Энэ хамгаалалтын захиргаа нь байгаль хамгаалах санхүүжилтээ өөрөө олдог өвөрмөц онцлогтой. Санхүүжилтээ олдог гол арга нь байгалийн аялал жуулчлал юм. Тус хамгаалалтын захиргаа нь Улаанбаатар хоттой хамгийн ойр бөгөөд жуулчдад ус, цахилгаан, хүнсний аюулгүй байдал бүхий тохилог амралтын баазаар үйлчилдэг. Мэдээж тэдгээр зочинд дэлхийд цорын ганц зэрлэг адууг, түүнтэй хамт хамгаалагдаж буй буга, цагаан зээр, тарвага, дэлхийд ховордсон махчин шувуудыг үзэх боломжийг олгодог. Ингээд жилдээ 15-30 мянган жуулчин хүлээн авч 1.5-2 тэрбум төгрөгийн санхүүжилт босгодог” хэмээн ярьж байлаа.
Тус байгалийн цогцолборт газарт аянчин, жуулчдыг хүлээн авах “Хустай”, “Мойлт” гэдэг хоёр бааз бий.
Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аялал жуулчлал тиг зогсож сүүлийн хоёр жил орчим огт жуулчин аваагүй байна. Ингэснээр, орлогын эх үүсвэр нь 700-900 сая төгрөг болж буурчээ. Энэ хэмжээний алдагдал хүлээж байгаа ч гарах зөрчил нь хэвээрээ байгаа тул байгаль хамгаалах ажилд хөрөнгө зарсаар байгааг судлаач Д.Өсөхжаргал учирлаж байлаа.
Өдөр бүр 12 байгаль хамгаалагч, гурван биологич хээрээр тусгай хамгаалалттай газрыг маршрутын дагуу автомашин, мотоциклоор тойрч явахад бензин тосноос эхлээд багагүй зардал гардаг байна.
Хамгаалалтын захиргаа нь зөвхөн нэн ховордсон амьтан ургамал төдийгүй, энэ бүс нутагт бүртгэгдсэн Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газрыг ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хамгаалах үүрэг хүлээдэг. Тухайлбал, VI-VIII зууны үед хамаарах Түрэгийн үеийн 30 гаруй хүн чулуу, эгнүүлэн босгосон 550 балбал чулуу бүхий Өнгөтийн цогцолбор дурсгалын газар, МЭӨ II - I мянган жилийн хооронд хамаарах буган чулуу, хиргисүүр зэргийг сэргээж, хашиж хамгаалж байна.
-БУСАД АН АМЬТАД ӨСӨВ-
Хустайн байгалийн цогцолбор газарт тахийг хамгаалснаар бусад амьтны тоо ч богино хугацаанд хурдацтай өссөн байна. Тухайлбал, 1992 онд 50 орчим буга байсан бол одоо 1300 болтлоо өсжээ. Энэ бол өнгөрсөн 29 жилийн хугацаанд 26 дахин өссөн үзүүлэлт аж. Мөн тухайн үед 7-8 мянган тарвагатай байсан бол өдгөө 14-15 мянга болж үржжээ. Түүнчлэн энд амьдардаггүй байсан зарим амьтан бий болсон байна. Тухайлбал, Дундговиос Төв аймгийг дамнасан цагаан зээрийн нүүдлээс цөөн тоо нь энд үлдэж нутаглах болжээ. Өдгөө зундаа 400-500, өвөлдөө 1000-2000 хүрэх тооны цагаан зээртэй болсон байна. Мөн 2000 оны эхээр хавар, намрын улиралд дайран өнгөрдөг байсан аргаль хонь 150-170 орчим байгаа аж.
Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас эдгээр амьтдыг хамгаалахаас гадна 2000 оноос Монголын нутагт тараан суурьшуулах ажлыг хийж байна. Өнөөг хүртэл 400 гаруй халиун буга, 700 гаруй тарвагыг таван аймгийн 15 сумын нутагт амжилттай нутагшуулжээ. Тус хамгаалалтын захиргаа ан амьтдыг өөр бүс нутагт нутагшуулсан нь экологийн үнэлгээгээр гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аж.
-ТАХЬ БА ГЭРИЙН АДУУ-
Тахь үнэхээр бие даасан зүйл, жинхэнэ зэрлэг адуу мөн үү, гэрийн адуунаас ялгаатай юу, аль нь алинаасаа үүссэн бэ зэргээр тахийг шинжлэх ухаанд нээсэн үеэс л хариулт нэхсээр иржээ. Тэгвэл судалгааны үр дүнд, тахь нь гэрийн адуунаас ялгаатай, бие даасан, зэрлэг адуу болохыг тогтоосон. Мөн тахь, гэрийн адуу хоёр аль нь ч алинаасаа үүсээгүй. Нэг өвгөөс салаалан хөгжсөн хоёр зүйл бөгөөд өвөг зүйл нь устсан гэж үзэж байна.
Тахь, гэрийн адуунд нүдээр харагдахаас гадна олон ялгаатай тал бий. Тухайлбал, зэрлэг амьтдын хамгийн түгээмэл шинж нь тэд бүгд ижил зүстэй байдаг. Энэ нь байгаль өөрөө шалгаруулсны шинж тэмдэг. Нөгөөтээгүүр, аливаа амьтад гэршихээрээ өнгө зүсний олон хувилбартай болдог. Энэ нь хүн өөрөө сонгон шалгаруулсны шинж юм.
Гэрийн адууны дэл, сүүл, унжмал байдаг. Мөн тахийн дэл сүүл нь жилдээ нэг удаа гууждаг бол гэрийн адууных гууждаггүй. Нөгөөтээгүүр, тахь гэрийн адуунд хромосомын зөрүү илэрдэг. Гэрийн адуу 64 хромосомтой бол тахь 66 хромосомтой. Хромосомын зөрүү нь генетикийн төс биш учраас нэг нэгнээсээ үүссэн гэж үзэх нь бас өрөөсгөл. Гэхдээ одоогоор 5500 жилийн өмнө нэг зүйлээсээ салсан гэж үзэж байна.
Эх сурвалж: