Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийгэм
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ.
Энэ хүрээнд өнөөдөр тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр завьт эргүүлээр ажиллах алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, иргэд олон нийттэй харилцах хандлага, сахилга хариуцлага, дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэхдээ анхаарах асуудлын хүрээнд үүрэг чиглэл өгч, энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлж байгааг онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
Өнгөрсөн онд завьт эргүүлээр давхардсан тоогоор мэргэжлийн байгууллагуудын 2057 алба хаагч, 683 нэгж техник, завьтай үүрэг гүйцэтгэж 28372 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19414 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 2941 автомашины аюулгүй байдлын ханган ажилласан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.