"Цэвэр агаар" төслийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна
НийгэмНҮБ-ын Хүүхдийн сангийн “Цэвэр агаар” төслийн баг энэ өдрүүдэд /2021.10.19-20/ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр хүлээн авч уулзав.
Төслийн багийг НҮБ-ын Хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлагч С.Алтанцэцэг ахалж, бүрэлдэхүүнд НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, НЭМҮТ, ШУТИС-ийн холбогдох албаны төлөөллүүд багтжээ.
Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлж буй багийнханд талархал илэрхийллээ. Талууд төслийн хэрэгжилт, түүний үр дүн, аймагт байгуулах дулааны станцын ажлын явц /одоо сонгон шалгаруулалт явагдаж байгаа/ болон агаар орчны бохирдлыг бууруулах үүднээс ногоон байгууламжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх талаар санал мэдээллээ харилцан солилцов.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Цэвэр агаар" төслийн хүрээнд Баянхонгор аймагт 461 өрх дулаалгын “Чип” багцаар хангагдсан бөгөөд өрхийн хэрэглээ цэвэр цэгцтэй, тохитой болохын зэрэгцээ өрхийн гишүүдийн амьсгалах орчин цэвэршиж, амьсгалын замын өвчлөл буурсан зэрэг үр дүнд хүрээд байгаа юм.
Тэд дээрх төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг тодорхойлох, хийгдсэн ажлууд дээр хяналт тавих, үр дүнгийн судалгаа мэдээлэл авах үүднээс орон нутагт ажиллахдаа эрүүл мэндийн салбарт гарсан үр дүн, агаарын бохирдлын бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай мөн үзэж танилцан цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох аж.
Төслийн баг орон нутагт ажиллах үеэрээ төслийн хүрээнд хийсэн ажил болох Баянхонгор сумын тавдугаар цэцэрлэгийн барилгын дулаалга, агаар сэлгэх систем, агаарын чанарын хяналтын сенсор ажиллагаатай танилцаж, аймгийн ЦУОШГ-т агаарын чанарын суурин станцыг хүлээлгэн өгнө. Тус станц нь Монгол Улсад хоёр газар суурилуулсан бөгөөд нэг нь Баянхонгорт байдаг юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ