Г.Занданшатар: Худалдаа-үйлдвэрлэлийн хосолсон бодлогыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр эдийн засгийг солонгоруулах бодит үр дүнд хүрнэ
Улс ТөрЭдийн засгийг сэргээх цогц бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэдхэн хоногийн өмнө хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй санал солилцож, эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад нэгдмэл дуу хоолойгоо хүргэхийн тулд ажлын хэсэг байгуулан, холбогдох хуулийн төслүүдийн хүрээнд хамтарч ажиллахаар болжээ.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор
дэмжихээс гадна дотоод болон гадаад худалдааг хөгжүүлэх, чанар стандартыг
сайжруулах зэргээр бодит алхмуудыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр төр, хувийн хэвшил,
олон нийтийн хамтарсан арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд
ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын
холбооны зүгээс “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2021” үзэсгэлэн
худалдааг 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийт 5 өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд 100 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцож байгаагаас хилийн чанадад хэдийнээ танигдсан болон мөдхөн шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж ахуйн нэгжүүд цөөнгүй байлаа. Ноос, ноолууран, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин, арьсан эдлэл зэргийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дагуу эх орондоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлснээр эдийн засгийг солонгоруулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдгийг УИХ-ын дарга онцлов. Манай улс үйлдвэрлэгч орон болохын тулд салбар дундын хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдаа-үйлдвэрлэлийн хосолсон бодлогыг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм.