"Приус" автомашины яндан хулгайлах гэмт хэрэг олширчээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-26 09:46:41


Сүүлийн үед "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олон бүртгэгдсэн тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас өнөөдөр мэдээлэв. 


Цагдаагийн байгууллагад энэ оны 9-р сарын байдлаар 17 360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64.1 хувь буюу 11 132 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд 10.9, нийслэлийн хэмжээнд 9.9 хувиар гэмт хэрэг буурсан статистик мэдээ гарсан байна. Хүний амь насанд халдах гэмт хэрэг нийслэлд энэ оны эхний 10 сарын байдлаар 84 бүртгэгдсэн бөгөөд 100 хувь илрүүлжээ. Бүртгэгдсэн гэмт хэрэгийн 64.2 хувь нь ахуйн хүрээнд, 25 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн бол 70.2 хувь нь согтуугаар үйлдэгджээ. 


Дээрх мэдээллийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл өгөхдөө,  "Сүүлийн үед иргэдийн "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэв. 10-р сард Ц, Д нарын найман бүлэг этгээдэд холбогдох 25 хэргийг илрүүлсэн. Мөн Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг О, Ш нарын зургаан этгээдэд холбогдох 64 хэргийг илрүүллээ. Архангай, Завхан, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон, он хуучин тээврийн хэрэгслүүдийг хулгайлдаг, 18 удаагийн үйлдэлтэй насанд хүрээгүй Б, Н, Ц  нарын 14 этгээдэд  холбогдох хэргийг илрүүлсэн. Автомашин хулгайлах гэмт хэргийг 12-16 насныхан үйлдэж байна” хэмээв.


Улсын хэмжээнд цахим залилангийн хэрэг энэ оны эхний 9 сарын байдлаар 41.6 хувь өссөн байна. Ихэвчлэн фэйсбүүк болон мэйл хаягаар нэвтрэн хүний нэр барин мөнгө залилсан гэмт үйлдлүүд гарчээ.

Өвөрхангай, Өмнөговь аймгаас эрэн сурвалжилж байсан, "Тавилга захиалгаар хийнэ" гэх хуурамч мэдээллийг цахим хуудсанд байршуулж 54 иргэнээс нийтдээ 25 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ. Мөн БГД, ХУД, ЧД, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудаас эрэн сурвалжлагдаж байсан Г нь хуурамч цахим хаягаар 12 иргэнээс 51 сая төгрөг залилсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ