"Ариунмонгол" ХХК-ийн 0.5 кг, 1 кг-аар савлагдсан Норов-7, Мана-4 эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг хүргүүлжээ
НийгэмНийслэлийн алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй 92 эмийн санд худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, хүртээмж болон үнийн талаарх судалгааг гаргах, чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийлээ. Шалгалтад Сүхбаатар дүүрэгт байрлах 20, Баянгол дүүрэгт байрлах 12, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 15, Чингэлтэй дүүрэгт 27, Хан-уул дүүрэгт байрлах 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 эмийн сан хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн г.м/ эм, эмнэлгийн хэрэгсэл /тариурууд/-үүд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч олдоц ховор болсон байна.
Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан өргөн хэрэглээний эмийн үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоосон байна. Эм хангамжийн байгууллагын удирдлагаас өгсөн мэдээлэлд үйл ажиллагааны зардалд 10 хувь /цалин хөлс байрны түрээс г.м/, татварт 10 хувийг зарцуулдаг гэсэн тайлбар гаргаж байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаар тогтоосон бөгөөд эдгээр хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их цахиур ХХК-ууд байлаа.
Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчил буюу 41%-ийг арилгуулан 22 ААН-д 45 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй Хан уул мед ХХК-д ЗТХ-ийн 6.6-9 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл тодорхойгүй Жор-50 нэртэй эмийг борлуулж байсан Гладиолус ХХК-д ЗТХ-ийн 6.6-4.1 дэх заалтын дагуу 1000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүй, иргэнд эм борлуулсан Ариунмонгол ХХК-д ЗТХ-ийн 11.2-1.2 дахь заалтын дагуу 1000 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулийг тус тус ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг 3 байгууллагад хүргүүллээ. Мөн зөвхөн Ариунмонгол ХХК-ийн 0.5 кг, 1 кг-аар савлагдсан Норов-7, Мана-4 эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүллээ. Учир нь иргэд Ариунмонгол ХХК-ийн 1 кг-аар савласан Мана-4, Норов-7 эмийг их хэмжээгээр худалдан авч жижиглэн савлан худалдаалж байгаа явдал гарч байгаа юм байна.