Японы Цог Жавхлан Эзэн хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Нийгэм
Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зочиллоо.
Хүндэт зочныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нарын тэргүүтэй албаныхан угтан авч, музейн танхимуудаар зочлуулж, Монгол Улсын түүх, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Японын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны аравдугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан юм. Уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 градусын болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмжийг олгож байгаа юм байна.