ЗГ: Эрчим хүчний үнийг 2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлэхгүй байхыг даалгав
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үүний дотор бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.
- Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах
- Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11, 12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх
- Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах
- Хөдөө аж ахуйн корпорац байгуулах. Уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
- Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх
- Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болгов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар