УИХ-ЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР “МОНГОЛ-ОРОСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХАМТАРСАН ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Улс ТөрМонгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний нэг нь хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтарсан форум юм. Энэ арга хэмжээнд оролцож байгаа Орос, Монголын сэтгүүлчдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Манай хоёр орны харилцаа нэгэн зууны турш тасралтгүй хөгжиж, стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрчээ. Энэ нь иргэд хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөл хамтын ажиллагааны гол үнэ цэнэ юм. Найрамдалт харилцааны шимийг ард иргэддээ хүртээх, уламжлалт харилцаагаа шинэ зуунд үргэлжлүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан гүүр нь болох учиртай. Сэтгүүлчдийн бодит, үнэн зөв шуурхай мэдээлэл нь хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан итгэлцэл ойлголцлыг шинэ төвшинд гаргахад чухал үүрэгтэй юм. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын даргын зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна” гээд Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Түүнчлэн ”Энэ зуунд ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг Монголын 70 шахам мянган залуус суралцан төгсөж, мэргэжил мэдлэг эзэмшсэн. Тэдгээрийн нэг нь миний бие билээ. Энэ хүмүүсийн дотроос Монголын шинэ үеийн түүхийг хошуучлан манлайлагч төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд төрөн гарсан. Хэдийгээр сорилт бэрхшээлүүд тохиосон ч бид түүнийг хамтдаа даван туулж чадсан. Найрамдал, нөхөрлөлөө улам зузаатган бэхжүүлсээр 100 жилийн түүхийг бүтээгээд байна. Энэ бол бидний бахархал” юм гэж онцлов.
Уулзалтын үеэр ОХУ-ын “ТАСС”, “Россия Сегодня”, “Комсомольская правда” зэрэг хэвлэл, мэдээлийн байгууллагуудын төлөөлөл 100 жилийн ойн түүхэн ач холбогдол, хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах санаачлага болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авлаа.
Харин “Комсомольская правда“ радиогийн сэтгүүлч E. A.Дмитриева “Та Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль буюу одоогийн Байгалийн улсын их сургуулийн төгсөгч. Оюутан ахуй цагаа дурсана уу. Боломжтой бол орос дуу дуулж сонирхуулаач” гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар А.С.Пушкиний
“Агшин зуурын үзэгдэл мэт
Аргагүй сайхны суу мэт
Анхил чамайгаа олж үзсэн
Алтан хурмыг би дурсдаг... гэсэн шүлгийн мөрүүдийг оросоор уншиж сонирхуулав.