ЗГ: Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулна
НийгэмТөрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгох арга хэмжээг энэ сард багтаан хэрэгжүүлэхийг даалгав.
Шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Санхүүгийн тайл анг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, санхүүгийн голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.
Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ
Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.
Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.