Монгол хөөмий, морин хуур хөгжим дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрт орлоо
НийгэмФранц Улсын Убан хотноо байрладаг Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэн нь дэлхийн улс орнуудын хөгжмийн боловсрол, сургалтын хөтөлбөртөө монгол хөөмий, морин хуур хөгжмийн хичээл сургалтыг орууллаа.
Сургалтын диплом бүхий хөтөлбөрийг Франц Улсын иргэн, хөгжим судлаач, хөгжимчин Жоани Кюртэтэй хамтран зохион байгуулж буй юм. Тухайлбал, манай улсын мэргэжлийн цөөхөн эмэгтэй хөөмийчдийн нэг П.Өсөхжаргал, Францад уран бүтээлээ туурвин ажиллаж буй залуу морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргал, уран бүтээлч Д.Батсүх нарын хамт хөөмий, хулсан хуур, төмөр хуур, товшуур, морин хуур хөгжмийн зэмсгийн талаар болон богино, уртын дуу, магтаал, домог зэрэг маш өргөн агуулга хөтөлбөрөөр сургалтыг амжилттай эхлүүлээд байна.
Жилдээ 100 цагийн хичээлийн хөтөлбөртэй, 1-4 болон 6 жил хүртэл хугацаагаар суралцах энэхүү хөтөлбөрт суралцсанаар сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн ангиллаар сургалтын гэрчилгээ олгох аж.
2021 оны хичээлийн жилд Франц, Бельги Улсаас 12 суралцагч хамрагдаж байгаа ба 10-15 орчим сонирхогч иргэд мастеркласс дугуйланд бүртгүүлдэг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ