Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг 15 даваатай тэргүүллээ
НийгэмЯпоны мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Такакэйшотой учраа таарч, ошидаши мэхээр хаяснаар анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ.
Их аварга Тэрүнофүжи 2021 оны 6 башёгийн дөрөвт нь ийнхүү түрүүлж байгаа бөгөөд их аварга /ёкозүна/ цолтой 2 дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ. Монголоос тодорсон 5 дахь Их аварга Г.Ган-Эрдэнэ маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-нд 30 нас хүрэх юм байна.
Кюүшюү башёгийн сүүлийн өдөр озэки Шодай, Сэкиваке Митакэүмид ошидаши мэхээр ойчиж 9 даваа, 6 унаатай башёг дуусгасан бол Митакэүми 11 даваатай өндөрлүүллээ.
Харин комүсүби Ичиножёо А.Ичинноров 15 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Мэйсейд ошидаши мэхээр ойчиж 5 даваатай энэ башёг амжилтаа ахиулж чадалгүй дуусгав. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/ комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай, Кирибаяама 6 даваатай энэ сарын тэмцээнийг дуусгаж байна.
Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Такарафүжи /М-4/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа, 8 унаатай 50 хувийн амжилтаа хараахан хийж чадаагүй бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ сүүлийн өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-12/-д ёрикири мэхээр унаснаар 8 даваа 7 унаатай башёг дуусгалаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ