“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ
Life StyleКоронавирусний шинэ хувилбар “омикрон” дэлхийн 50 улс орон, АНУ-ын 19 муж улсад илрээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга Рошель Валеньский мягмар гарагт мэдэгджээ.
“Бид “омикрон” хувилбарын хүндийн зэргийг, мөн эмчилгээ, вакцинууд хэрхэн үйлчлэхийг үргэлжүүлэн судалж байгаа ч өмнө нь хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд “омикрон”-ы эсрэг ямар нэгэн байдлаар үйлчилнэ гэж таамаглаж байна” гэж Р.Валеньский Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентсийн ярьснаар, өнгөрсөн долоо хоногт иргэдийн вакцинд хамрагдах идэвх эрс нэмэгдэж, тухайн хугацаанд 12.5 сая орчим тун вакцин тарьсан нь тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн долоо хоногт тарьсан нийт тунгийн долоон сая нь нэмэлт тун байжээ.
Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучийн хувьд судлаачид ирэх долоо хоногийн дунд үе гэхэд “омикрон” хувилбарын талаар тодорхой мэдээлэлтэй болно гэдгийг онцолсон байна. “Бид бүх вакцины өдөөсөн эсрэг биет “омикрон”-ы эсрэг хэрхэн үйлчлэхийг судалж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Түүний тайлбарласнаар, халдварын тархвар зүй, эмнэлзүйн судалгаагаар шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин түүний эсрэг хэрхэн үйлчлэхийг тодорхойлно.
Э.Фаучи Өмнөд Африкт нэг сая хүн тутамд батлагдсан “омикрон”-ы тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлтийг харуулсан графикийг эш татан тус улсад шинэ хувилбар давамгайлан тархаж байна гэжээ. Графикаас харагдаж буй огцом өсөлт нь хувилбарын халдварлах чадвар өндөр гэдгийг харуулж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
Гэхдээ шинэ хувилбар хүндээр өвчлүүлэх эсэхэд дүгнэлт хийхэд хэт эрт байгааг мөн онцолсон байна. Өмнөд Африкаас өнгөрсөн амралтын өдрүүдэд ирүүлсэн мэдээллээс үзэхэд “омикрон” хөнгөн өвчлүүлдэг байж болох нь ажиглагдаж байгаа ч энэ нь залуу хүн ам халдвар авсан тохиолдол олон байгаатай холбоотой байж магадгүй байгаа ажээ. Үүнээс гадна “бета”, “дельта” хувилбараар халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон” хувилбараар халдварлах эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, нэгэн судалгаагаар өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор дахин халдварлах эрсдэлийг бусад хувилбарынхтай харьцуулахад гурав дахин их байгааг тогтоожээ.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдлүүд