Элчин сайд Д.Ганболд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-15 02:57:49

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрaмдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндод энэ сарын 13-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа болсон уулзалтын эхэнд Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол-Энэтхэгийн өнө олон зуун жилийн түүхтэй уламжлалт оюун санааны хөршийн харилцааг цаашид улам бэхжүүлж, Стратегийн түншлэлийн түвшний харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.


БНЭУ-ын Ерөнхийлөгч Р.Н.Ковинд Монгол-Энэтхэгийн хооронд түүхэн найрсаг харилцаатайг онцолж, газрын тос боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулах төслийг цаашид дэмжихээ мэдэгдэв. Монголын залуучуудыг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлэх болон бусад салбаруудад хоёр талын харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Монгол Улсын Засгийн газар, ард иргэдэд амжилт, сайхан сайхныг хүсэн ерөөв.


Элчин сайд Д.Ганболд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахыг хүсч байгаагаа тэмдэглээд, газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахын чухлыг онцолж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ