Иранд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ
Life StyleИранд коронавирусний “омикрон” хувилбарын анхны тохиолдол АНЭУ-аас ирсэн хүнээс илэрсэн талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлжээ.
Эрүүл мэндийн дэд сайд Камаль Хейдаригийн мэдээлснээр, АНЭУ-аас саяхан ирсэн Техран хотын оршин суугч, дунд эргэм насны эрэгтэйгээс халдвар илэрсэн байна.
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “омикрон” хувилбар Өмнөд Африкт анх илэрсэн талаар мэдээлснээс гурван долоо хоногийн дараа манай улсад шинэ хувилбарын анхны тохиолдол илэрлээ” гэж К.Хейдари сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тухайн өвчтөн болон түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлажээ. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, хоёр өөр сэжигтэй тохиолдлыг “омикрон” хувилбараар халдварласан эсэхийг нарийвчлан шинжлэх ажил үргэлжилж байна.
Мөн “Омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр тул түүний тархалтыг хяналтад авах стратегийг боловсруулах талаар яаралтай хурал хийсэн гэж Эрүүл мэндийн дэд сайд хэлжээ.
Ойрхи Дорнодын орнуудаас коронавирусний халдварт хамгийн их нэрвэгдсэн оронд тооцогдож буй Иранд сүүлийн долоо хоногуудад халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурах болсон нь эрх баригчдыг хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахад хүргээд байсан юм.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Иранд “COVID-19” халдварын 6.1 сая тохиолдол илэрч, 131 083 хүн нас баржээ. Тус улсад вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимжүүлсний дүнд халдварын үзүүлэлтүүд ийнхүү буурах хандлагатай байгаа юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 59 сая гаруй хүн вакцины эхний тунд, 50 сая гаруй хүн хоёр тунд хамрагджээ.
Эх сурвалж: Anadolu