Түгжрэлийг багасгах нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж байгуулахыг хэлэлцэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-21 02:39:30

“Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг  бууруулах нэгдсэн хөтөлбөр” төсөл  хэрэгжүүлэх нэгж байгуулахыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. 


Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн чанар хүртээмж, багтаамж их нийтийн тээврийн шинэ төрлийг нэмэх чиглэлээр 2022 онд улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хооронд нь уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн зааг, дэс дараа, үр дүнг тооцох нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хурлын үеэр танилцууллаа.


Төслийн нэгж нь Улаанбаатарын хотын төвлөрлийг зохицуулах хөтөлбөрт тусгасан төслийг хэрэгжүүлнэ. Үүнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто замын түгжрэлийг багасгах төсөл, “Улаанбаатар хотын тогтвортой авто замын хөгжил”, “Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах”,  улс, нийслэлийн  хөрөнгө оруулалтаар хийх  нийтийн тээврийн парк шинэчлэл” дэд төслийг хариуцах юм. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч М.Халиунбат шинээр нэгж байгуулах зайлшгүй шаардлага бий эсэхийг тодруулав. Тэрбээр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци зэрэг бүтцээр дээрх ажлыг гүйцэтгүүлэх саналаа илэрхийлжээ. Мөн шинэ нэгжийн үйл ажиллагаатөсвийн зарцуулалтыг ил тод байлгахыг тэргүүлэгчдийн олонх нь сануулж байв. Энэ асуудлыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж

Холбоотой мэдээ