Хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн суралцах орчныг сайжруулах ажлын баг байгуулав

Улс Төр
tergel@onlinetvmn.com
2022-01-17 10:54:00

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт боловсруулах ажлын баг байгууллаа.


Дээрх заалтад “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заажээ.


Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Дамдинням хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн суралцах орчныг сайжруулахад ач холбогдолтой ажлын баг байгуулсныг сайшаан тэмдэглэв.


Ажлын багийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулахаар тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд  гишүүдийн 66.7 хувь дэмжиж баталлаа.


Мөн хуралдаанаар, 2022 оны намрын чуулганы нэгдүгээр сард Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолыг батлав.


Тус байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Мөн Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын багууд хуралдах болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. 


Тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.

Холбоотой мэдээ