Дарханы замын ажлын явцыг 14 хоногоор байнга мэдээлж байх үүрэг өгөв
НийгэмУИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-ны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын ажлын талаар мэдээлэл сонслоо.
Дээрх чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл ажлыг АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 5 багц хэсэгт хуваан эхлүүлсэн. Өнгөрсөн онд нийт барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрчээ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажлыг өнгөрсөн оны 3 дугаар сард мөн 5 багц хэсгээр эхлүүлсэн. Нийт барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгааг танилцууллаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчилж тавих үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Тухайн хугацаанд замыг бүрэн ашиглалтад оруулна гэдгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдэгдлээ.