Дархан-Уул аймагт шинээр 30 га талбайд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-01-24 05:00:44

Боловсролшинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймагт ажиллалаа.

 

Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуульд нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна.

Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.

 

Ажлын баг шинээр оюутны хотхон байгуулах 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болов.

Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-гоор нэмэгдэнэ гэж үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх юм.

 

Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.

 

Тус аймагт ажиллах үеэрээ МСҮТ-үүдийн удирдлагатай уулзлаа. Дархан-Өргөө, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Политехникийн коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80 гаруй хувьтай байдаг байна. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв энэ сарын 1-нээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжээд байгаа юм.

 


 

Холбоотой мэдээ