Иргэдэд "боов" тараадаг байдлыг хуульчлахаар төсөл боловсруулна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-26 03:58:00


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаж буйгаа өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Сүүлийн хоногуудад УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд бэлэг тарааж байгаа нь олны шүүмжлэл дагуулаад байна. Иргэдэд бэлэг өгөх бус агаарын бохирдлыг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, татварын эрхзүйн орчинг сайжруулах, бичил, жижиг, дунд бизнесийг төрөөс дэмжихэд анхаарах шаардлагатай байна” гэлээ. Мөн тэрбээр уг санаачилгад УИХ-ын гишүүдийг нэгдэж, хуулийн төсөл боловсруулах ажилд оролцохыг уриаллаа.


Хуулийн төсөлд УИХ болон ИТХ-д сонгогдсон бол сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно гэсэн заалт тусгаж буйг УИХ-ын гишүүн Т.Доржханд тайлбарлав. Мөн тэрээр, “Дээрх заалтыг зөрчвөл сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэв.



Холбоотой мэдээ