Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо
НийгэмДэлхийд 120 хот өөрийн стандарттайн адилаар Монгол Улсад 7008 стандартыг мөрдөж байна.
Үүнээс 1400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 онд, 2100 гаруй нь 2000-2010 онд, 2700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахаар нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандарт боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 22 бүлгийн 97 “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг”-т дүн шинжилгээ хийж, эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаар нийслэлийн нутгийн захиргаа болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулна.
Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс энэ сарын 11 хүртэл хугацаанд www.ulaanbaatar.mn, www.standart.ub.gov.mn сайтаар санал авсан. Үүний дүнд давхардсан тоогоор 37.411 санал ирүүлснээс дэмжсэн 10.769, ерөнхий 16.680 санал өгснөөс 17 мянга орчим саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгав.
Хотын стандартын тус 10 бүлэг нь чанарын дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, ногоон байгууламж, “Иж бүрэн гудамж”, нийгмийн дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлгээс бүрджээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт гэхэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны шаардлага багтжээ. Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотыг судалсан байна.
Дээрх хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.