Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ
НийгэмМонгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд,
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.
1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ, Япон Улсын Засгийн газар хооронд дипломат харилцаа тогтоох тухай ноот бичиг солилцсоноор манай хоёр улсын албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн билээ.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, бид хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж ирлээ. Эдүгээ Япон Улс нь манай чухал “гуравдагч” хөрш бөгөөд нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болжээ.
Манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжих үйл явцыг Япон Улсын Засгийн газар, ард түмэн эхнээс нь тууштай дэмжиж ирсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Тошики Кайфү асан 1991 онд өрнө, дорнын хөгжингүй улс орнуудын удирдагчдаас хамгийн эхэнд Монгол Улсад айлчилж, хоёр талын төдийгүй олон улсын тавцанд Монгол орны шинэ хөгжлийг дэмжихээ илэрхийлсэн нь түүхэн хуудаснаа тод бичигдэн үлджээ. Тэр цагаас хойш Япон Улс Монгол орны хөгжлийн тууштай дэмжигч, найдвартай хамтрагч болж ирсэнд бид гүнээ талархдаг. Нарны гүүр, нарны зам, Япон-Монгол эмнэлэг, Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал гээд японы ард түмний сэтгэл шингэсэн олон төсөл, хөтөлбөрийг энд нэрлэж болно. Японы сайн дурынхан, мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллахын сацуу бидний ирээдүй болсон залуучууд, төрийн албан хаагчдыг бэлтгэхэд боловсрол, хүний нөөцийн салбарт Япон Улс онцгой дэмжлэг үзүүлж ирснийг мөн тэмдэглэхийг хүсч байна. Дэлхий нийтэд нүүрлээд буй “КОВИД-19” цар тахлын хүнд үед ч Монгол Улсын цар тахал, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлд Япон Улс бидэнд тусалсаар байна.
Бид 2016 онд Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан хэрэгжүүлснээр Монгол, Японы эдийн засгийн харилцааны шинэ үе шат эхэлсэн бөгөөд ирэх он жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр улс 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарласан бөгөөд харилцааны түүхэн ой тохиож буй энэ онд монгол, японы ард түмний найрамдал батжин бэхжиж, хүүхэд залуучууд ойртон нөхөрлөөсэй хэмээн хүсэж байна. Энэ ялдамд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бүх хүмүүст гүн хүндэтгэл, чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин бэхжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.