“Хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн”-өөр малчид, тариаланчид нээлттэй санал солилцлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-28 03:10:56

   


Баянхонгор аймгийн “Хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн-2022”-д малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд нийт 20 сумаас 350 гаруй хүн оролцож, бодлого тодорхойлогчид, судлаачдын хамт салбарын тулгамдсан асуудал, шийдлийг нээлттэй хэлэлцлээ.


Зөвлөгөөнд оролцогчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай газар тариалангийн системийг нутагшуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон санал, санаачилгыг дэвшүүлж байлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ газар тариалан, мал аж ахуй, хоршооллын чиглэлээр дэвшилтэт технологи, инноваци шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тоо биш чанарын үзүүлэлтийг эрхэмлэсэн шийдлүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дэмжлэг болно гэдгийг онцлов. Мөн манай улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарт дэвшил авчрахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт аж ахуйг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж дурдлаа.


Баянхонгор аймаг 2021 онд жилийн эцсийн мал тооллогоор 3,1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1,6 сая төл хүлээж авахаар бэлтгэж байна. Малаас гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор ингэний сүүний үйлдвэр байгуулах, 1000 тоннын мах ногооны зоорь байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм.


Тухайлбал, Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Ингэний сүүний үйлдвэрийн барилга 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 07-р сарын 01-нд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм 2 ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлэхэд, хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс орнуудад гаргахаар төлөвлөөд байна.


Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж, өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж 300 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолж байгаа аж.




Уг зөвлөгөөнд Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, МЭЕГ-ын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, МААБХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батсүрэн, ЖДҮГ-ын БТЗГ-ын дарга А.Гэрэлзаяа, ГТБХЗГ-ын мэргэжилтэн Э.Уламбаатар нар урилгаар оролцсон юм.

 

Холбоотой мэдээ