ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЦАХИМ ШИЛЖИЛТ, ТӨЛӨӨЛЛИЙН ЧАДАМЖ ЗЭРГЭЭР ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-03-16 05:19:55

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт биш бөгөөд баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүрэх замаар нийгмийг хуулиар жолоодохыг хэлнэ” гэж онцоллоо. Өнгөрсөн он жилүүдэд үе үеийн парламент хянан шалгах чиг үүргийг Засгийн газарт хамааруулан, төдийлэн анхаардаггүй байсан нь үнэн. Хуулийг зөвхөн цаасан дээр батлаад орхих биш, амьдрал дээрх бодит хэрэгжилтийг хангаж, олон нийтийн санаа бодлыг тусган, алдаа, шийдлийг тухай бүрт нь залруулах нь сонгодог парламентын нэг мөн чанар байх ёстой. 

Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар эцэслэн баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд хариуцлагыг бэхжүүлэхэд чухал арга хэрэгсэл гэдгийг УИХ-ын дарга тодотгосон юм. Уг хууль батлагдсанаар нээлттэй сонсгол, олон нийтийн хэлэлцүүлгээр дамжуулан төрийн аливаа шийдвэрийн хэрэгжилт, биелэлтийн алдаа, зөрчлийг шат шатанд нь тодорхойлж, шийдэл, гарцыг томъёолохуйц бүрэн зураглал гаргах боломж бүрдсэн. Тийм ч учраас Хөгжлийн банкны асуудлаар 3 дугаар 29-нд болох Ерөнхий хяналтын сонсгол дээрх хуулийн хэрэгжилтийн эхний үр дүнг харуулах болов уу гэсэн хүлээлт бий. 

 

Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жил туршлага, сургамж аль алиныг дагуулсан ч сонгуулиар төр засгаа эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан засаглалд шилжсэн нь үгүйсгэх аргагүй ололт мөн. Тэгвэл бид өнөөдөр парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Энэ хүрээнд хүний эрхийг дээдэлсэн, ард түмний төлөөллийг бүрэн хангасан, хуулийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэсэн, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ. Тэрээр “Цаашид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийн боломж, инновацийг шингээх нь ард түмний засаглах эрхийг хагасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой” гэв. 

 

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг аливаа баталсан хууль, тогтоомж бүрийнхээ амин сүнс болгон суулгаж, төр нь иргэнийхээ эрхийг хязгаарлалгүй, хамгаалж дэмждэг байх ёстой гэсэн байр суурийг Г.Занданшатар дарга илэрхийлсээр ирсэн. Цаашид шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог жигд хангаж, харилцан хяналттай, мэдээллийн технологид суурилсан эргэх холбоо бүхий парламентын үйл ажиллагааг хэвшүүлэх нэн тэргүүний зорилт ажээ. 

Холбоотой мэдээ