АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо
Улс ТөрНЭР
ДЭВШИГЧИД 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД 21 АЙМАГ,
9 ДҮҮРГИЙН
ГИШҮҮД, ДЭМЖИГЧДЭДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар өнөөдөр Нийслэлийн иргэдтэй уулзаж, гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ.
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа
нээлтийг Хэнтийн аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч Нийслэлд
хүрэлцэн ирснээр ийнхүү орон даяар тархан суусан
гишүүд дэмжигчдэдээ хүрч, ажиллалаа. Өнөөдрийн уулзалтад
Нийслэлийн Бага-хангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд, дэмжигчид
оролцсон юм.
Нэр дэвшигчидтэйгээ уулзаж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцахаар танхим дүүрэн цугласан гишүүд, дэмжигчдэдээ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээгээр Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлж,сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.
Ардчилсан нам өнгөрсөн хоёр удаагийн
УИХ-ын сонгуульд парламентад хэт цөөнх болсон. Тиймээс одоо
хоёр жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан
ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу, үгүй юу
гэдэг үндэстний том асуудал учраас энэ удаагийн намын даргын
сонгууль чухал ач холбогдолтой гэж уулзалтад оролцогсод онцолж байлаа. Мөн энэ
сунгаа сүүлийн сунгаа байж, шүүхийн шатанд тус намтай холбоотой
маргаан эцэслэгдэх ёстой гэсэн байр суурийг уулзалт бүрээр иргэд хэлж
байсан юм.
Ардчилсан намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Ганц хүний дарангуйллаас болж, үндэсний хэмжээний нам доройтолд орсныг санаж, эв нэгдлийг хангаж, би биш бид гэсэн сэтгэлээр ажиллаарай гэсэн үгийг АН-ын гишүүд дэмжигчид хоёр нэр дэвшигчиддээ уламжилж байсан юм. Ийнхүү АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаа өнөөдрөөр өндөрлөж байна. Сонгуулийн санал хураалт 4-р сарын 3-ны өдөр болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг 4-р сарын 7-нд болох АН-ын их хурлаан ёсчлон батламжлах юм. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой.