Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна
Улс ТөрЗасгийн газрын ээлжит бус хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлж, 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэрбээр, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэж мэдээлээд буй.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүд төсөвт тодотгол хийхийг 100 хувиар дэмжсэн байдаг.
Энэ дагуу ЗГ холбогдох хуулийн төслийг өнөөдөр ийнхүү хэлэлцэж байна.