Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа
НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцлаа.
“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.
Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг "UBCab" ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.